Тусган хүлээж авах чадварын сургалт

Олон жилийн өмнөөс мэдэх Л.Олзвой багш ярьж байна. “Маргааш өглөө манай сургуульд ирж амжих уу. Боловсролын салбарынханд, хэвлэл мэдээллийнхэнд хэрэгтэй байж мэдэх арга хэмжээ болох юм. Сонгинохайрхан дүүргийн цөөн хэдэн сургуулийн захирал манай сургалтын хөтөлбөрийн онцлогтой танилцъя гэж хүсэлт тавьсны дагуу өглөөлөг зохион байгуулах гэж байгаа юм” гэж урихад нь очлоо.

XXI хороололд байдаг тус сургуульд 10 жилийн өмнө очиход жижигхэн саарал байшин байсан юм. Гэтэл өргөтгөл бариад, хашаа, орчноо хэмжээнд нь тааруулаад цомцойтол тохижуулан гоё болгожээ. Үүдэндээ ““Гэрэлт-Ирээдүй” бүрэн дунд сургууль” гэсэн хаягтай юм. Өнгөлөг, сэтгэл татам сургуулийн хаалгаар орж явахдаа “Сургууль завсардсан хүүхдүүдийг хамруулдаг байсан, хэвээрээ юм болов уу” гэж бодож байлаа.

Гэтэл тэр статус өөрчлөгдөөд олон жил болсон юм байна. Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсноор тус сургуулийг үүсгэн байгуулагчид байгууллагын бодлого, чиглэл болон бүтэц, үйл ажиллагааг дахин харж, шинээр боловсруулснаар Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд бүрэн дунд боловсрол олгодог олон улсын гэсэн тодотголтой сургууль болгожээ.

Эдүгээ “Гэрэлт-Ирээдүй” сургууль “Бритиш скүүл”, “Американ скүүл” зэрэгтэй адил хүссэн сурагчдыг төлбөртэй элсүүлдэг, англи, солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалт бүхий нэр хүндтэй сургууль болсон байна.  

Зочид хурлын танхимд суудлаа эзэлснээр тус сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог, гол ялгаа болсон сурагчдыг бүх талаар хөгжүүлэх таван талт сургалтын зарчмын үндэс болсон Тусган хүлээж авах чадварыг хөгжүүлэх сургалтыг хэрхэн явуулдаг тухай танилцуулах ажил эхэлсэн юм.

Хөтлөгч хамгийн түрүүн сургуулийнхаа сургалтын менежер Л.Олзвойг үг хэлэхийг урилаа. Монгол хэл, уран зохиолын хичээлийн улсын заах арга зүйч багш, нийслэлийн 24 дүгээр сургуульд олон жил мэргэжлээрээ багшилж байгаад энэ сургуультай хувь заяа холбосон шилдэг сурган хүмүүжүүлэгч тэрбээр яагаад “Ирээч” хэмээн зар түгээсэн тухайгаа товч тайлбарлав.

“Бид танхим дүүрэн хүн урихыг урьтал болгосонгүй. Бидний ажлыг чин сэтгэлээсээ сонирхдог, судлахыг, магадгүй туршлага судалж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа цөөхөн хүнийг хүлээж авч байна. Бид сурагчдынхаа тусган хүлээж авах чадварыг хэрхэн хөгжүүлдэг талаараа ярьж өгнө” гэсэн юм. Үүний дараа сургуулийн захирал Хо Сон Хэ мөн товч үг хэллээ.  

MIU олон улсын сургуулийн профессор тэрбээр мөн л тус сургуулийг олон улсын түвшний өндөр зэрэглэлийн сургалттай болгох зорилтын хүрээнд ирж ажиллаж байгаа нэгэн аж.

Тэрбээр ингэж ярилаа. “Ирээдүйг хүн бүтээдэг. Хүн гэдэг бол сургууль юм. Ирээдүйг бүтээхэд боловсон хүчин хэрэгтэй. Харин тэр боловсон хүчнийг бий болгоход систем хэрэгтэй. Ямар систем хэрэгтэй вэ. Одоогоос хоёр жилийн өмнө БНСУ-д болсон “Боловсролын форум”-аар олон улсын мэргэжилтнүүд “Ирээдүйг ч, боловсролыг  ч хүн бүтээдэг. Тэгэхээр боловсролын цөм нь хүн юм. Бүх талаар хөгжсөн хүнд мэдлэгийг системтэй өгөхөд  ирээдүйг бүтээх чадвартай боловсон хүчин болно” гэдэгт дүгнэлтэд санал нэгтэй хүрсэн.

Тэгвэл боловсролын хүрээ ямар байх юм бэ гэдэг талаар ярьсаар байгаад тусган хүлээж авах чадварыг нь хөгжүүлсэн суралцагсдад эрдэм заахад үр дүн гарна. Эсрэгээрээ бол юу ч заасан талаар болно гэсэн дүгнэлт мөн хийсэн. Тиймээс ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын энэ чадварыг хөгжүүлэхэд багш нар нийтээрээ анхаарах шаардлага тулгарч байгаа юм.

Энгийн жишээ авъя. Багш бидний бэлтгэснийг сурагчид хүлээж авах ёстой. Амьдралд ойроор нь хоолтой зүйрлүүлье. Өвдөж, бие нь сульдсан хүүхдийн өмнө шим тэжээл, амт чанар сайтай хоол тавьж идүүлэх гэхэд хүүхэд дургүйлхэж, бүр харах ч үгүй, идэхгүй бол ямар үр дүн гарах вэ. Хүүхдийн бие сайжрахгүй. Тэр хүүхэд том хүн санаа тавьж байгааг, сайн хоол бэлдсэнийг өөртөө тусгаж хүлээж аваагүй буюу тавагт юу байгаа, бас гоё амттай гэдгийг мэдээгүй учраас идсэн, идээгүй ялгаагүй, үр дүн нь өвдсөн, сульдсан хэвээр. Багш бидний бэлтгэснийг  сурагчид хүлээж авахгүй бол үр дүн яг л ийм сул биетэй хүүхэд шиг байна.

Тэгвэл ямар үед сурагчид багшийн заасныг, хэлснийг тусган хүлээж авдаггүй вэ гэдэг асуултад хариу өгөх хэрэг гарна. Сурагч толгой муутайдаа юу. Үгүй. Толгой сайтай ч олон талын чадвар, түүний дотор хамгийн гол тусган хүлээж авах чадвар нь хөгжөөгүйгээс хэлснийг, заасныг хүлээж авдаггүй. Хүнтэй харилцах чадваргүй бол, тухайн багшийг үзэн яддаг бол хүлээж авахгүй.

Сурагчийн дургүй, үзэн яддаг багшийн ярьсан бүхэн худлаа юм шиг санагддаг. Өгч буй мэдээлэл, мэдлэг нь үнэн гэж боддоггүй. Тэгэхээр багш тэр хүүхдэд мэдлэг өгөх гэж хий дэмий оролдохын оронд харилцаагаа сайжруулах хэрэгтэй болно. Үүн дээр багшийн сурган хүмүүжүүлэх ур чадвар харагдана. Хүүхдийн ар гэрт асуудал байна уу, ямар нэгэн юманд хэт санаа зовоод анхаарал нь огт төвлөрөхгүй байхад багш ойлгохгүй чичлээд байв уу. Эсвэл бие нь муу байна уу, тэр талаар хэн ч асуухгүй, ойлгохгүй байна уу гэхчлэн олон асуудал бий.

Судлаад үзэхэд тусган хүлээж авах чадварыг бүрдүүлдэг бүх талын аль нэг нь дутсан л байдаг. Тэгэхээр багш нь сурагчийнхаа сэтгэлийг, биеийг засч байгаад сая хичээлээ өгөх хэрэгтэй болно. Тэгэхээр тусган хүлээж авах чадвартай болгоход шаардагдах таван зүйл чанарыг хөгжүүлж, үр дүн гаргахыг Тусган хүлээж авах чадварын сургалт гэдэг. Хүүхэд багшийн хэлж байгааг тусгаж хүлээж аваад, дурлаж эхэлбэл сая хичээлээ ойлгох болно.

Сургуулийн захирал зочдод хандаж үг хэлсний дараа физикийн, технологийн хичээлийн багш нар тус бүртээ хичээлээ хэрхэн явуулдаг талаар жишээн дээр тайлбарлаж ярьсан нь сонирхолтой байсан.

Тухайлбал, физикийн хичээлийн багш тус сургуулийн сурагчид өглөө бүр “Чимээгүй цаг” хэмээн нэрлэсэн 10 минутын оюуны дасгал хийдэг талаар ярьж, зочдоор дасгал ажиллуулсан юм.

Хүн бүрт А4-ийн цаасны тал дээр шивсэн “Уучлал” гэсэн сэдэв өгч чимээгүй уншуулав. Уншаад сэтгэлдээ нийцсэн үг, өгүүлбэрийн доогуур зур гэв. Доогуур нь зурсан үг, өгүүлбэрээр дамжуулан төрсөн сэтгэгдлээ бич гэлээ. Мөн энэ сэдвийг уншсантай холбоотойгоор төрсөн сэтгэгдлээс үүдээд амьдралдаа юуг бодитойгоор хэрэгжүүлмээр байна вэ гэдэгт хариулна уу гэсэн. Хамгийн сүүлд эхийн гол санааг зургаар илэрхийлэхийг хүсэв. Танхимд шил шилээ харж суугаа багш нар энэ дасгалыг бүгд хийсэн.

Тэд дор бүрнээ өөрөө өөрсөдтэйгөө ажилласан юм. Хүн бүр адилхан хийгээгүй нь лав. Гагцхүү 10 минут чимээгүй сууж өөртэйгөө ажиллах нь хамгийн гол нь бөгөөд тухайн сэдвийн хүрээнд төрсөн сэтгэгдэлтэй, ургуулан бодож, өөрөө ямар нэг бодит үйлдэл хийх санаа төрдөг нь чухал ажээ. Туршлагаас харахад ингэж ажилласан хүүхдүүд гэртээ, хамт олныхоо дунд бараг бүгд ямар нэг бодит алхам хийсэн байдаг байна. Энэ нь уг “Чимээгүй цаг”-ийн далд үр дүн байдаг ажээ.

Мөн багш сурагчдаар зургаан жилийн турш тэмдэглэлийн дэвтэр хөтлүүлж буй тухайгаа ярьсан юм. Хүүхдүүд эхэндээ ямар алдаа гаргадаг, явцын дунд хэрхэн сайжирсаар, нэг, хоёр жилийн дараа дэвтрээсээ салахаа байхын сацуу сурагч сэтгэл зүйн хувьд нээлттэй, илэн далангүй, бичих, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай болсон байдаг хэмээн ярьсан нь анхаарлын гадна үлдээхийн аргагүй байлаа.

Ийнхүү “Гэрэлт-Ирээдүй” бүрэн дунд сургуульд зочилж, хоёр цаг болоод гарахад боловсролын өгөөж, чанар, улмаар түүнд хүргэх арга замуудын талаар судалж бичиж баймаар ч юм шиг санагдав.